Эрүүл мэндийн яамны харьяа Хүүхдийн төв сувилал нь улсын хэмжээнд асран хамгаалагчгүй 0-3 насны болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асрах, нийгмийн эмзэг бүлгийн хоол тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалт, сульдаа өвчтэй хүүхдүүдийг сувилах, дутуу төрсөн нярайг торниулах зэрэг үйлчилгээ явуулдаг улсын хэмжээний байгууллага юм.

Энэхүү сувиллыг олон хүмүүс “3 ихрийн сувиал” гэдэг нэрээр нь мэддэг билээ. Хүүхэд бүр хайр халамжид өсөх ёстой хэдий ч зарим нь өнөөгийн нийгэмд амьд явах эрхээ ч эдэлж чадахгүй байгаа нь харамсалтай. Тэгвэл эцэг, эхийн хайрыг орлож хүүхдүүдийг ялгалгүйгээр эрүүл саруул өсгөх зорилготой ажилладаг энэхүү сувиллын үйл ажиллагаа хэрхэн явагддаг болохыг та бүхэнд сонирхуулж байна.

Сайн байна уу? Миний урилгыг хүлээж авсанд баярлалаа. Хоёулаа яриагаа Хүүхдийн төв сувиллын үйл ажиллагаа болон түүхээр эхлүүлье.

Хүүхдийн төв сувилал нь 1967 оны 2 сарын 2-нд байгуулагдаад 52 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Анх байгуулагдахдаа амьдралын нөхцөл нь хүнд эхчүүдэд туслах, бүтэн өнчин хүүхдүүдийг асрах, эмчилгээ сувилгаа хийх зорилготойгоор ажилладаг ясли байсан. Гэхдээ энэ үйл явц маань одоо хүртэл алдагдаагүй хэвээрээ л байгаа. Манайх 2-оос 3 ихэр хүүхдүүд болон бага жинтэй буюу дутуу төрсөн нярайнуудыг асарч, сувилсаар ирсэн түүхтэй.

Бид нарын хамгийн том зорилго бол хүүхдүүдийг эрүүл саруул, сайн сайхан байлгах юм. Бид амин дэмийн дутагдалтай, жин багатай хүүхдүүдийг амбулаториор болон хэвтүүлж эмчилж, олон төрлийн аргуудаар чийрэгжүүлдэг.

Мөн 1980-аад онд нярайн Долгор эмчийн санаачилгаар манай сувилалд нярайн тасаг байгуулагдаж байсан. Тэр тасагт маань одоо ч нярай хүүхдүүд эмчилгээ, сувилгаагаа хийлгээд л байж байна. Тухайн үед Долгор эмч 700 гр жинтэй төрсөн хүүхдийг асарч, сувилаад хэвийн жинд нь хүртэл бойжуулж байсан гэдэг. Тэгээд л тэр цагаас хойш залуу хойч үе нь суралцаад л одоо хүртэл нярайнуудаа асраад л явж байна.

Бага жинтэй төрсөн хүүхдүүд хөгжлийн хувьд нэлээд хоцрогдолтой байдаг юм шиг санагддаг…

Дутуу төрсөн эсвэл бага жинтэй төрсөн нярайнуудын хөгжил бүх талаараа дутуу байдаг. Гэдэс дотор, амьсгалын зам, эрхтэн тогтолцоо, хараа, сонсгол гээд бүх зүйл нь хөгжлийн хувьд гүйцээгүй байдаг. Тиймдээ ч тэдгээр хүүхдүүдэд яалтачгүй байнгын буюу 24 цагийн хараа хяналт, асаргаа сувилгаа шаардагддаг юм. Угтаа бол тээлтийн хугацаандаа бие махбодийн хөгжил нь гүйцээд төрөх ёстой шүү дээ.

Харьяалал харгалзахгүй хүүхдүүдээ авдаг уу?

Бид хөдөө орон нутаг болон хотод төрсөн бага жинтэй, дутуу төрсөн бүх л нярайнуудыг сувилдаг. Ээжтэйгээ хамт ирээд эмчилгээ, сувилгаа хийлгээд, жингээ гүйцээгээд гарч байгаа олон хүүхдүүд байдаг. Мөн ихэр хүүхдүүдийг үүнд дурдах хэрэгтэй. Учир нь ихрүүд ихэнхдээ бага жинтэй төрөх нь бий. Дээр үед тийм ихрүүдийг сувилаад 3 нас хүрэхээр нь ээж, аавд нь хүлээлгэж өгдөг байсан. Нөгөө талаасаа тухайн үед улсаас хүн амын тоогоо нэмэгдүүлэх бодлого барьж авсан. Тиймдээ ч манайх олон хүүхэдтэй болон 3 ихэр хүүхэд төрүүлсэн ээжүүдэд тусалж, хүүхдийг нь асраад 3 нас хүрэхээр нь хүлээлгэн өгдөг байсан юм. Харин одоо бол харьцангуй хүмүүсийн амьдрал өөр болоод тодорхой хэмжээнд өрхийн амьжиргаа дээшилсэн байна.

Тийм болохоор л Хүүхдийн төв сувиллыг “Ихрүүдийн сувилал” гэж нэрийддэг байх нь ээ…

Хэзээ ч яг ийм тогтсон нэршилтэй байгаагүй л дээ. Гэхдээ хүмүүс “3 ихрийн сувилал” гэж нэрлээд тэр нь олонд хүрсэн байдаг юм билээ. Уг нь тухайн үедээ Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Ясли гэдэг л нэртэй байсан. Харин сүүл рүүгээ Хүүхдийн төв сувилал болж байлаа.

Эцэг, эхчүүд өөрсдийн хүсэлтээр хүүхдээ сувилуулж болдог уу?

Бололгүй яахав. Манайх амбулаториор үзлэг, эмчилгээгээ явуулдаг. Жин дутуу, олон дахин өвддөг, амин дэмийн дутагдалтай, хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдийг эхлээд эм нар нь үзээд ямар эмчилгээ хийлгэх вэ гэдгийг шийддэг. Түүнчлэн хүүхдийн өсөлтөд хоол маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тийм болохоор бид нар хүүхэд бүрдээ тохирсон сувиллын хоолыг бэлдэж өгч, цагаар хооллодог. Шаардлагатай бол хоолны мэргэжилтэн, эмч нарынхаа зөвлөсний дагуу шөнө хүртэл хооллоно. Ер нь л манайд ирж байгаа бүх л хүүхдүүдийг бид эрүүл саруул байлгахыг хичээдэг.

Нярайгаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа илүү нарийн байдаг байх…

Бид хөгжлийн бэрхшээлтэй, асран хамгаалагч нь орхисон хүүхдүүдийг асардаг. Ер нэлээд хэдэн хүүхэд байсан л даа. Сүүлд нэг хүүхэд 16 нас хүрээд том хүний асрамжийн газар руу шилжье гээд бид нар хүсэлтийнх нь дагуу шилжүүлсэн. Одоо байгаа нэг охин маань 16 нас хүрсэн ч эндээ байж л байгаа. Манайх угтаа бол 3 хүртэлх насны хүүхдүүдийг асардаг сувилал л даа. Гэхдээ асаргаа, сувилгаа шаардлагатай бол нас харгалзахгүй сувилалдаа байлгаж л байдаг.

Бүтэн өнчин хүүхдүүд хэр их ирж байна вэ?

Сүүлийн үед эцэг, эхдээ хаягдсан хүүхдүүдийн тоо цөөрсөн боловч гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, ар гэр нь асуудалтай, эцэг, эх нь сэтгэцийн хувьд өөрчлөлттэй, архинд донтсон, санхүүгийн чадамжгүй аль эсвэл ял эдэлж байгаа хүмүүсийн хүүхдүүд манайд ирж байна. Тэдгээр хүүхдүүдийг мөн л адил бид нар асарч халамжилдаг. Тэгэхээр манай сувилал нь маш олон үүргийг гүйцэтгэдэг гэж хэлж болно.

Дөнгөж төрөөд эцэг, эхдээ орхигдчихсон хүүхдүүд 3 нас хүртлээ энд байж байгаад асрамжийн газар руу шилдэг үү?

Ерөнхийдөө 3 нас хүрэхээр нь “Өнөр бүл” асрамжийн газарт шилжүүлдэг. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд бид нэг ч хүүхдийг асрамжийн газарт өгөөгүй. Яагаад гэвэл хүүхдэд эцэг, эх хэрэгтэй шүү дээ. Тэд хайр халамжид өсөж торних ёстой. Тэр ч утгаараа бид хүүхдүүддээ эцэг, эх олж өгөхийг эрмэлздэг. Манайх Баянгол дүүргийн засаг даргатай хамтарч ажиллаад хүүхдүүдийнхээ төрсөн эцэг, эхийг нь хайх ажлыг зохион байгуулж, бүр олдохгүй бол үрчлүүлэх ажлыг хийдэг. Харин эцэг, эхтэй хүүхдүүдийг асрамжийн газар руу шилжүүлдэг. Харин бусад тохиолдолд бол бид нар хүүхдүүддээ сайн эцэг, эх олж өгөхийг л боддог.

Мэдээж нярай үеэс нь эхлээд өсгөөд, хайрлачихсан учраас бид нар хүүхдүүдээ зөрүүлээд хайр мэдрэхээр газарт л аваачихыг хүснэ шүү дээ. Тиймдээ ч хүүхэд үрчилж авч байгаа хүмүүст хариуцлагын талаар маш сайн ойлгуулдаг. Тэр хүүхэд эцэг, эхтэй болоод зогсохгүй сурч боловсорч бүхий л талаараа сэтгэл хангалуун бөгөөд жаргалтай байх ёстой шүү дээ.

Тэгэхээр үрчлэгдээгүй тохиолдолд тэдгээр хүүхдүүд энэ сувилалдаа л байх уу?

Тэгэлгүй яахав. 3 нас хүрсэн гээд хаашаа ч хамаагүй явуулж болохгүй шүү дээ. Тийм болохоор бид нар эндээ асраад л байж байдаг. Ялангуяа нас бие гүйцсэн хэрнээ өөрийгөө авч явах чадваргүй, байнгын асаргаатай хүүхдүүдийг бид нар сувилалдаа байлгахаас өөр аргагүй. Гэхдээ энэ чиглэлээрээ бид Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтарч ажиллаж байна.

Нялхаас нь хамтдаа байсан учраас хүүхдүүдээ үрчлэхэд их хэцүү байдаг байх. Ялангуяа бие биедээ дассан хүүхдүүд нэг нэгнээ их санаж, үгүйлдэг байх даа…

Хүүхэд маш хөөрхөн шүү дээ. Жишээлбэл, Америк руу үрчлэгдэж байсан 16,17 настай 2 хүүхэд өнгөрсөн зун Монголд ирээд сувилалтайгаа танилцаад явсан. Тэр хоёрын нэг нь 1 настайдаа, нөгөөх нь 3 нас хүрч байхдаа үрчлэгдсэн юм. Тэгээд сүүлд үрчлэгдсэн нь Америкт очиход эхэнд үрчлэгдсэн нь таниад, хараад баярлаж байсан гэсэн. Нэг газар бие биетэйгээ хамт өсөж байгаа учраас салж холдохоороо нэг нэгнээ саналгүй л яахав.

Гадаадад болон Монголд үрчлэгдсэн хүүхдүүддээ хараа хяналт тавьдаг уу?

Бид нар сайн дураараа л хяналт тавьдаг. Тодруулбал, би өнгөрсөн онд үрчлэгдсэн бүх хүүхдүүд рүүгээ шинэ жилээр утастаж ямархуу байгааг нь лавлаж, шаардлагатай мэдээллүүдээ авсан. Яг энэ ажлыг засаг даргын тамгын газар, гадаадын иргэн харьяатын газар хуулийнхаа дагуу хийдэг юм. Ерөнхийдөө гадаад руу өргүүлсэн хүүхдүүдийг нас биед хүрээд иргэншлээ сонгох хүртэл нь жилд нэг удаа бүх мэдээллүүдийг нь авч хяналтын протокол хөтөлдөг.

Ерөнхийдөө гадаадаас хүүхэд үрчилж авах нь их байна уу, Монголоос их байна уу?

Манайх хүүхдүүдээ Монголдоо л үлдээх хүсэлтэй байдаг. Гуравхан сая иргэнтэй байж харь орон руу хүүхдүүдээ үрчлүүлээд байх хэцүү шүү дээ. Гэхдээ зөвхөн Монголоос хүүхэд үрчилж авах хүсэлтэй гадаадын иргэд байдаг. Бид нарын хувьд эхлээд хүүхэд үрчилж авах хүсэлтэй Монгол айлуудад хүүхдүүдээ санал болгоод, дараа нь гадаад хүмүүст ханддаг.

Хүмүүс ер нь аль болох эрүүл хүүхэд үрчилж авах сонирхолтой байдаг. Харин асаргаа шаардагддаг, төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай хүүхдүүд ихэвчлэн гадаадад үрчлэгдэх нь бий. 2000 он дөнгөж гарсны дараа их олон хүүхдүүд эцэг, эхдээ орхигдож байсан. Тэр үед манай байшин маш олон хүүхдүүдтэй байсан юм. Одоо бол жилдээ бүтэн өнчин 4-5 хүүхэд л ирж байна.

Одоогоор Хүүхдийн төв сувилалд нийт хэдэн хүүхэд байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар манайд 86 хүүхэд эмчлэгдэж байна. Үүний 36-40 нь байнгын асаргаанд байж, манайд амьдардаг. Бусад нь амбулаториор эмчилгээнүүдээ хийлгээд явдаг.

Сувилалд байнга амьдарч байгаа хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий эрдмийн хичээлүүдийг нь яаж зохицуулдаг вэ? Сургууль, цэцэрлэгт хамруулдаг уу?

Манайх дотроо багштай болохоор бүх хичээлүүдээ эндээ заадаг. Цэцэрлэгийн програмаар хичээлүүд орж, хүүхдүүдийнхээ хөгжилд анхаардаг. Ерөнхий эрдмийн хувьд манай ганц л хүүхэд сургуульд сурч байна. Ер нь сургуульд сурах чадамжтай хүүхдүүдээ сургуульд оруулж, хичээлд нь зөөж, гэрийн даалгаврыг нь хийлгээд л байж байдаг. Харин эрүүл мэндийн шалтгааны улмаас сургуульд сурах чадваргүй хүүхдүүдийг бид сувилал дотроо хөгжүүлээд явдаг.

Хүүхдийн төв сувиллынхан тэгэхээр бүгдээрээ ээж нар байх нь ээ…

Манайд маш олон ээж, эмээ нар л байна даа. /Инээв/ Бид нар энд байгаа хүүхдүүдийнхээ даахийг нь өдөр судар харж үргээнэ, хичээлийг нь хийлгүүлж, асарч, эмчилж, хооллож, хувцасладаг. Өөрөөр хэлбэл бид эцэг, эхчүүдийн хийх ёстой бүх л зүйлийг сувилал дотроо хийдэг.

Байнга амьдардаг хүүхдүүдийн памперс, хувцас хэрэглэл, хоол ундны зардлыг дан ганц төрөөс даадаг уу?

Бидэнд “Холд Интернэйшнл” Америкийн Төрийн бус байгууллага 20 гаран жил тусалж байна. Энэ байгууллага нь манай хоолны цэсэнд туслалцаа үзүүлж, нарийн ногоо, жимсээр хангадаг гэж хэлж болно. Харин бусад зардлыг бүгдийг нь төрөөс даадаг. Манай хүүхдүүд маш амин дэмтэй, олон төрлийн хоолнууд иддэг. Хувцас хэрэглэлүүдийн хувьд жилд нэг удаа хүүхдүүдээ бүрэн хувцаслаж, шаардлагатай бүхнээр нь хангадаг. Ерөнхийдөө манай сувилалд байгаа хүүхдүүд тухтай орчинд, мэргэжлийн асаргаа сувилгаан дор юугаар ч дутахгүй өсөж торнидог. Гагцхүү тэдэнд эцэг, эхийн хайр л дутагдаж байна…

Та өөрөө хэдэн хүүхэдтэй вэ?

Би олон хүүхэдтэй. Гэхдээ ажилтай учраас баасан гарагт л ач, зээ нараа эрхлүүлнэ дээ. Амралтын өдрөөр бол манай гэр баяр болж байгаа юм шиг л бужигнадаг. Нөхөр бид хоёр өөрсдөө ч тийм байдалдаа их дуртай. Тэгээд ажил дээрээ ирээд сувиллынхаа хүүхдүүддээ анхаарал тавина. Ер нь би гэдэг хүн бараг л хүүхдийн ертөнцөд амьдарч байна даа. /Инээв/

Тантай ярилцаж байх зуур дотроо эмзэглэж л суулаа. Яагаад гэхээр сүүлийн үед нярай хүүхэд хөлдөж үхлээ, жорлонд хаягдаж амь үрэгдсэн байна, зодуулж, тамлуулж амь насаа алдлаа гэхчлэн олон сэтгэл эмтэрмээр хэргүүд гарах болсон. Магадгүй тэдгээр хүүхдүүд Хүүхдийн төв сувилалд ирчихсэн байсан бол амьд явах эрхээ эдлээд, эрүүл саруул өсөх байсан болов уу?

Яг үнэн. Би ч гэсэн тэдгээрийг сонсоод яг чам шиг бодол төрдөг. Тиймдээ ч холбогдох байгууллага болон албан тушаалтнуудад “Хүмүүс эрүүл саруул төрчихсөн үр хүүхдийнхээ амь насыг эрстүүлж байна. Тэд үнэхээр боломжгүй байгаа юм бол яагаад манайд авчраад өгчихөж болдоггүй юм бэ? Хүүхэд ч гэсэн амьд явах эрхээ эдлэх ёстой шүү дээ” гэж хэлж байсан. Энэ тал дээр хаа хаанаа ер нь анхаарч ажиллах хэрэгтэй байна.

Энд ирж байгаа хүүхдүүдийг тодорхой шалгуурын үндсэн дээр авдаг байх…

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийнхөн хүсэлт гаргасан айлууд дээр очиж судалгаа хийгээд, хүүхэд өсгөх боломжтой, боломжгүйг нь тодорхойлоод захирамж гаргаад манайх руу явуулдаг. Тэр тохиолдолд манайх хүүхдүүдийг нь асаргаандаа авдаг бөгөөд эцэг, эх нь ял эдлэх болсон нөхцөлд шүүхийн шийдвэрээр хүүхдийг нь манайд өгдөг. Мөн ээж, аав нь дөнгөж төрсөн нярай хүүхдээ хаяад явчихсан тохиолдолд амаржих газруудаас хүүхдүүд ирэх нь бий.

Хүүхдийн төлөө сэтгэлтэй танай сувиллын бүхий л ажилтан, хамт олонд талархлаа илэрхийлье. Ажил үйлс бүр нь бүтэмжтэй, сайхан байх болтугай. 

Маш их баярлалаа. Танай редакцын хамт олонд ажлын амжилт хүсье.

Сэтгүүлч: Э.Анударь

Эх сурвалж дурдахгүйгээр зөвшөөрөлгүй хуулбарлан нийтлэхийг хориглоно.

Эх сурвалж : Www.amjilt.news

Сэтгэгдэл бичих