Нярайн асаргаа, сувилгаа
Хүйн асаргаа

Хүйн шарх нь төрсний дараа халдвар орох гол зам болдог. Хүйг хуурай цэвэр байлгах нь чухал. Хүй нь агаарт ил, боолтгүй байлгасан нөхөлд хатаж унадаг. Хүүхдийн ариун цэврийг сахиж, хүйн шархыг цэвэр байлгаж, шээс өтгөнийг хүргэхгүй байх хэрэгтэй. Хүйг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэх хэрэггүй. Хэрэв хүйн шарх бохирдвол хүйг цэвэр усаар угааж, хөвөн, самбайгаар арчиж хатаана. Зарим газарт эмнэлгийн болон, гэрийн нөхцөлд хүйнд элдэв бодис түрхэж, цацдаг туршлага байдаг. Гэвч дур мэдэн эмчлэхгүйгээр эмчид хандах нь зөв юм.
Хэрэв хүйн шархыг тойроод улайж, идээ гарч, эвгүй үнэр гарвал хүйн халдварын шинж бөгөөд яаралтай эмчид хандах шаардлагатай.
Анхны хооллолт

Эрүүл нярай төрсний дараа мэдрэмжээрээ хоол хайж эхэлдэг. Амьдарлын эхний 2 цагт хүүхэд сэргэлэн, идэвхтэй хооллоход бэлэн байдаг. Хэрэв төрөх үед эхэд нь эмийн бодис хэрэглэсэн бол хүүхэд идэвх муутай байдаг. Эхийн хэвлий дээр тавьсан эрүүл, гүйцэт нярай эхийн хөх рүү тэмүүлэх чадвартай байдаг. Хэрэв хүүхдэд саад болж, нойрсуулах эм өгөөгүй бол амьдарлын эхний 24 цагт эхийнхээ хөхийг олж чаддаг. Хөхний толгойг имэрч, идэвхжүүлэх нь окситоцины ялгаралтыг ихэсгэж эхэс хурдан салахад нөлөөлдөг. Зарим нярай төрсний дараагаар удаан хугацаагаар сэрүүн байдаг боловч зарим нь төрмөгц хэсэг хугацаагаар унтсаны дараа хөхөө хөхдөг.

Дулаан байлгах

Нярай хүүхэд амархан даарч хөрдөг учир түүнийг дулаан байлгах нь чухал ач холбогдолтой. Нярай хүүхдийн биеийн хэвийн халуун 36,5-37,5 хэм байдаг. Мөн хөхөөр хооллох, тохирсон хувцас, малгай өмсгөх нь даарахаас сэргийлнэ. Хэрэв хүүхдийн биеийн халуун 36,0 хэмээс доош буувал эх нь нүцгэн цээжиндээ хүүхдээ тэврэн, дулаан хучиж яаралтай дулаацуулна. Хүүхдийн биеийн халуун хэвийн болохгүй бол эмчид яаралтай хандаарай.

Хүйтний улиралд хүүхдийг сайн дулаалах хэрэгтэй. Гэвч хэт халууцуулж бэгнэх хэрэггүй. Хүйтний улиралд хүүхэд амархан дулаанаа алддах бөгөөд тэд бүлээцэхийн тулд насанд хүрэгчдийн нэгэн адил хөдөлж чаддаггүй. Ийм учир та хүүхэд амьдарч буй орчны дулааныг сайтар хянаж байх хэрэгтэй. Хүүхдийн өрөө 22-24 хэм дулаан байх нь тохиромжтой. Харин хүүхдийн унтлагын өрөө 18 хэм байх ёстой.

Нярай хүүхдийн нүд цэвэрлэх

Нярай хүүхдийн нүдийг сайтар цэвэрлэж байх хэрэгтэй. Төрөх үед эхийн үтрээний наацын шинжилгээ муу байснаас, төрөх өрөөнд төрсний дараа бохир гараас халдвар орсноос болж нярай хүүхдийн нүд өвддөг. Нярай хүүхдийн нүдийг физиологийн уусмал буюу NaCl 0.9%, нэрмэл ус, фурациллин 1:5000 уусмалд тус тус ногросон ариун хөвөн бөмбөлөгөөр нүдний гадна булангаас дотор булан руу чиглүүлж арчиж цэвэрлэдэг. Нүдний салст бүрхэвч улайсан үед нүднээс нуух гарч сормуус наалдсан байдаг тул сайтар цэвэрлэсэний дараа эмчийн заавраар эм дусаана.

Нүдэнд эмийг дусаахдаа доод зовхийг бага зэрэг доош татаж, эмийг дотор булан орчимд дусаана. Нэг нүдэнд 2-с илүү дусаах хэрэггүй. Эмчилгээний тосыг мөн доод зовхийг бага зэрэг доош татаж нүдний салстад шахаж түрхэнэ. Тос нүдний алимны хөдөлгөөнөөр салст бүрхэвчээр жигд тархдаг.

Хамар цэвэрлэх

Нярай хүүхдийн хамар жижиг нарийн байдаг тул амархан битүүрч амьсгалахад хүндрэлтэй болдог. Нярай хүүхдийн хамрыг эрчилж чангалсан хөвөнгөөр цэвэрлэнэ. Шингэн нустай үед хуурайгаар, нус хатсан үед ариутгасан тосонд дүрсэн эрчилсэн хөвөнгөөр хамрын гадаргуутай тэгш өнцөг үүсгэн 2 см хүртэл цааш нь шургуулан эргүүлж цэвэрлэнэ. 10-15 секундын дараа авч өөр хөвөнгөөр хамрын нүхийг цэвэрлэнэ. Энэ үйлдлийг хамрыг цэвэрштэл хийнэ. Харин эрчилсэн хөвөнг хамрын 2 нүхэнд зэрэг хийж болохгүй. Учир нь хүүхдийн амьсгалыг алдагдуулдаг. Хамрыг цэвэрлэсний дараа салстыг вазелинаар тослоно.

Хамарт эм дусаах

Хамарт эмийг хийхдээ хамрыг цэвэрлэсний дараа хүүхдийг хажуугаар нь харуулан хэвтүүлж, толгойг бага зэрэг гэдийлгэж, хэвтсэн талын хамрын нүхэнд эмийг бүлээсгэн дусааж, толгойг бага зэрэг бөхийлгөнө. Энэ үед хамарт орсон эм хамрын хажуу ханаар дамжин хамрын хөндийд ордог. 3-5 минут энэ байдлаар хамрын нөгөө нүхэнд эмийг дусаана. Хэрэв эмийг буруу дусаавал эм залгиурт орж салстыг цочроодог.

Амны салстыг цэвэрлэх

Эрүүл нярай хүүхдийн амны салст бүрхэвчийг цэвэрлэх шаардлагагүй. Учир нь салст бүрхэвч нь амархан гэмтдэг. Хэрэв амны салст, хэл тагнай, завьжаар цайвар шаргал өнгөр тогтсон бол 2%-ийн содын уусмал, 5%-ийн усанд уусгасан нистатины уусмалаар арчиж цэвэрлэнэ.

Арьсны арчилгаа

Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар угаана. Чихний ар, хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, цацлагын аль тохирохыг хэрэглэнэ. Хүүхэд өтгөнөөр бие засах бүрийн дараа бөгсийг угааж хуурай болтол арчина.

Усанд оруулах

Нярай хүүхдийг усанд оруулах нь арьсыг цэвэр байлгахаас гадна, чийрэгжүүлэх ач холбогдолтой. Усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарна. Үүнд:

Хүүхдийн биеийн халуун хэвийн байх
Өрөө тасалгаа дулаан байх
Тохойгоо дүрэн шалгасан бүлээн усанд хүүхдээ нүцгэлээд гараараа барьж оруулна.
Түргэн зөөлөн хөдөлгөөнөөр угаана.
Хүүхдийг уснаас гарангуут хуурай алчуураар ороон авч, толгойноос хөл хүртэл хуурайшуулж арчина.
Хүүхдийг түргэн хувцаслах буюу өлгийднө. Малгай өмсгөхөө мартаж болохгүй.
Хүүхдийг хөхүүлнэ.

Хүүхдийн даавууг солих болон асаргаа хийхдээ хүүхдийг дааруулахгүй байхад анхаарч, бүх үйлдлийг хурдан шаламгай хийж, хүүхдийг байнга хучиж байх хэрэгтэй.

Өлгийдөх

Өлгийдөх нь хүүхдийг халдвараас хамгаалдаг, дулаан байлгадаг гэсэн ойлголт байдаг. Энэ нь шинжлэх ухааны нотолгоогоор батлагдаагүй зүйл. Харин хүүхдийг чанга өлгийдөх нь дараах сул талтай болох нь нэгэнт батлагдсан. Үүнд:

Өрцний хөдөлгөөнийг алдагдуулах тул амьсгалахад саадтай
Биеийн зарим хэсэгт цусны эргэлт алдагдана.
Хүүхдийн бие, өлгийдсөн даавууны хооронд зай бага байдаг тул дулаанаа удаан хадгалж чаддаггүй.
Гар хөлний хөдөлгөөнийг хязгаарладаг тул мэдрэл-булчингийн зохицуулга алдагддаг.
Хүүхдийн толгойг чанга өлгийдөх нь толгойгоо чөлөөтэй хөдөлгөж, амаа том ангайж хөхөө зөв үмхэхэд саад болдог.
Өлгийдүүлсэн хүүхэд их унтамхай, хөхөө хөхөхөөр ойр ойрхон сэрдэггүй тул хөхөнд сүү оролтыг багасгадаг.

Хүүхэд хөвөн даавуугаар хийсэн чөлөөтэй хувцас өмсөж, дулаан ороолтоор ороох эсвэл хүүхдийн бөгсөн хэсгийг өлгийдөж, толгой гарыг хөдлөхөд чөлөөтэй орхиж болно. Эх нь хүүхэдтэйгээ цуг нэг орон дээр байх нь илүү тохитой гэж үзэж байвал цуг байж болно. Гэхдээ эх хүүхдээ дарах, түүнд халдвар тараах ямар ч эрсдэлгүй байвал зохино.

Хуурайлах

Хүүхэд төрсний дараа эхний хэдэн долоо хоногт хуурайлах нь тийм ч амар ажил биш байдаг. Гэвч та удалгүй бүх зүйлд дадлагажиж амархан хийдэг болно. Зарим эцэг эхчүүд хуурайлалтыг хүүхдээ хооллохын өмнө, зарим нь дараа нь хийдэг. Ямар ч байсан хүүхдийг хооллох бүрдээ хуурайлах нь зөв. Хүүхэд шээсэндээ норж удаан байвал арьс нь нурах болно. Хүүхэд хуурайлахад шаардагадах бүх зүйлсийг гарын дор бэлэн байлгана. Хүүхдийн ойр орчимд хөдөлгөөнтэй, тод өнгөтэй тоглоом, зураг зүүх хэрэгтэй.

Даавууг солихдоо:

Норсон бохир даавууг авч цэвэр хуурай шинэ даавуугаар солино.
Хүүхдийн бөгс, цавь, бэлэг эрхтнийг бүлээн усаар угааж, зөөлөн даавуугаар дарж арчаад шингэн тос түрхэнэ. Охин хүүхдийн бөгсийг цэвэрлэхдээ үтрээ шээсний сүвд халдвар оруулахгүйн тулд урдаас нь хойш нь чиглэлтэй угааж арчина. Заримдаа түмпэнд бүлээн ус хийгээд биеийн доод хэсгийг угаах нь хурдан бөгөөд хялбар байдаг.
Цэлцгий тос болон цайр, хушны тос, хүүхдийн зориулалтын тосоор бөгс, цавийг тосолно. Ингэснээр шээсэнд арьс норж цочрохоос хамгаалдаг.
Цэвэр даавууг салтаа цавиар нь боож бэхэлнэ. Зарим даавууг эвхэж бэлнээр хадгалж болно. Нэг удаагын даавуу хэрэглэх үед хулдаас хэрэглэх хэрэггүй.
Хурайлсны дараа гараа угаана.

Салхинд гаргах

Зун төрсөн хүүхдийг төрөхөөс гармагц салхинд гарагаж болно. Харин гадаа -5 хэм хүйтэн байвал 10-12 хоногтойд, 5-10 хэм хүйтэнд 16 хоногтойгоос гаргана. 15 хэмээс хүйтэнд салхинд гаргах хэрэггүй, харин салхивчийг нээж унтуулна. Салхинд гаргахдаа зуны улиралд цаг харгалзахгүй. Өвлийн улиралд 15-20 минутаар өдөрт 3-4 удаа салхилуулна. Салхинд гаргахдаа хүүхдийн нүүрийг ил гаргаж, хэт бэгнэлгүй тохируулж хувцаслана. Хүйтний улиралд хүүхдийг дулаан хувцаслаж гаргана. Хэдийгээр тэрэгний толгой талыг босгож бүтээсэн ч гэсэн хүүхдэд дулаан ноосон малгай, бээлий, оймс, гутал, хүрэм өмсгөнө. Харин гэртээ орж ирмэгц хувцсыг нь тайлахгүй бол хүүхэд халууцна. Хүүхэд унтаж байсан ч гэсэн хувсыг нь тайлах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд даарсан эсэхийг мэднэ. Хүүхэд хэт халууцуулах юмуу дааруулж болохгүйг анхаар.

Сэтгэгдэл бичих